Багшийн мэдээлэл

БАГШИЙН МЭДЭЭЛЭЛ
1.
Овог нэр
Оросоогийн Пүрэвсүрэн
2.
Төрсөн он, сар, өдөр,
1971оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Говь-Алтай аймаг Эрдэнэ сумын төрөх газарт
3.
Төгссөн их, дээд сургууль
Монгол Улсын Боловсролын их сургууль 1997-2001 онд
4.
Мэргэжил,
Нийгмийн ажилтан, сэтгэл зүйч
5.
Албаны болон эрдмийн цол хэргэм
Нийгмийн ажлын магистр, Цэргийн ахмад цолтой
6.
Албан тушаалын зэрэглэл
Ахлах багш
7.
Ажил эрхлэлтийн он дараалал
2001 оноос МУЗН-т хөтөлбөрийн удирдагч
2004 оноос Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албан “Албандан ажил хийлгэх ялыг хэвшүүлэх” төслийн зохицуулагч
2008 оны 2 дугаар сараас ШШГЕГ-ийн Сургалт, хүмүүжлийн хэлтэст мэргэжилтэн
2013 оны 2 дугаар сараас ХСИС-ын Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн сургуульд багш
2014 оны 3 дугаар сараас ХСИС-ын Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн сургуульд ахлах багш
8.
Заадаг хичээл,
Хорих байгууллагын нийгмийн ажи
9.
Эрдэм шинжилгээ, судалгааны ажлын  сэдэв
2013 онд Нийгмийн ажлын магистр  “Хорих ял эдлэгсдийг нийгэмшүүлэх үйлчилгээнд тулгамдаж буй зарим асуудал”
10.
Эрдмийн цол зэрэг хамгаалсан огноо сэдэв
2013 оны 05 сарын 22 өдөр Нийгмийн ажлын магистр  “Хорих ял эдлэгсдийг нийгэмшүүлэх үйлчилгээнд тулгамдаж буй зарим асуудал”
11.
Багшлах эрхийн сургалтад суралцаж төгссөн огноо
2013 оны 04 сарын 11 өдөр Дугаар 230/13
12.
Имейл хаяг
Purevsuren.o@Ieu.gov.mn

Сайхан сэтгэл бол хэлгүй хүмүүс ярьж чаддаг,
дүлий хүмүүс сонсож чаддаг хэл билээ.
 Ж.Милль

О.ПҮРЭВСҮРЭН
Хууль сахиулахын их сургуулийн Шүүхийн шийдвэр
гүйцэтгэлийн сургуулийн Эрүүгийн ял эдлүүлэх
эрх зүйн тэнхимийн багш, ахмад

ХОРИХ ЯЛ ЭДЛЭГСДИЙГ НИЙГЭМШҮҮЛЭХ ТӨЛӨВЛӨГӨӨ
ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ЗАМ, ЧИГ ХАНДЛАГА

Манай улсын хорих байгууллагад ял эдэлж байгаа хоригдогчийн дундаж тоон үзүүлэлт нь олон жилийн  судалгаанаас үзэхэд 6000-аас буураагүй нөгөө талаас хорих анги, шийдвэр гүйцэтгэх албанд үйлдэж буй  гэмт хэрэг, зөрчлийн тоон үзүүлэлт жилээс жилд нэмэгдэж байна.
Тухайлбал ШШГЕГ-ын Тогтоол гүйцэтгэх газраас нэгтгэн гаргасан статистик тоон мэдээнээс хорих байгуулагад ялтны зүгээс 2009 онд 19 гэмт хэрэг, 1030 зөрчил, 2010 онд 18 гэмт хэрэг, 1101 зөрчил, 2011 онд 9 гэмт хэрэг, 1795 зөрчил, 2012 онд 24 гэмт хэрэг, 1956 зөрчил, 2013 онд 24 гэмт хэрэг, 2082 зөрчил тус тус үйлджээ.[1]


          Энэхүү байдлаас ялтанд үзүүлэх нийгмийн ажлын үйлчилгээ зорилгоо бүрэн биелүүлэхгүй зарим талаар ялтныг нийгэмшүүлэх хөтөлбөр түүнийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны шинжлэх ухаанч чанар дутагдаж байна гэсэн хэсэгчилсэн дүгнэлт хийж болно. Ялтныг нийгэмшүүлэх ажил тодорхой үр дүнд хүрэхгүй байгааг хорих анги, шийдвэр гүйцэтгэх албаны нийгмийн ажилтан, сэтгэл зүйчийн үйл ажиллагаатай холбож болох хэдий ч шууд холбогдуулан авч үзэх нь өрөөсгөл ойлголт юм.
            Манай улсын хэмжээнд хорих ял эдлэгсдийн тоон үзүүлэлтийг бууруулах нэг гол үйл ажиллагаа нь тэдний дунд явуулах нийгэмшүүлэх ажлыг судалгаа шинжилгээний үндэслэлтэй мэргэжлийн түвшинд, үйлчилгээг үр дүн, чанартай тасралтгүй, тусгайлсан  хөтөлбөр, төлөвлөгөөний дагуу үзүүлэх явдал чухал ач холбогдолтой.
          Иймээс хорих ялын зорилгыг хангах, ялтныг нийгэмшүүлэх ажлын хүрээнд хорих ялаар шийтгэгдээд дамжин өнгөрүүлэх ангид ирсэн ялтныг нийгэмшүүлэх төлөвлөгөөнд  хамруулж судалгаа шинжилгээний нэгдсэн клиник үйл ажиллагааг явуулах шаардлагатай болох бөгөөд түүнд ажиллах нийгмийн үйлчилгээний байгууллагын  мэргэшсэн мэргэжилтэн, тоног төхөөрөмж зайлшгүй шаардлагатай болох юм.
           Нийгэмшүүлэх төлөвлөгөө нь  хорих байгууллагын зүгээс ялтанд тохирсон нийгэмшүүлэх үйл ажиллагааг хэрхэн явуулах, ял эдлэх хугацаандаа ялтан өөрөө нийгэмшүүлэх ажилд яаж хамрагдах, ямар үйлчилгээ авах, ямар үүрэг хүлээх зэрэг дэлгэрэнгүй мэдээлэл багтсан, ялтан өөрөө баталгаажуулсан эрх бүхий бичиг баримт байх юм. Энэхүү төлөвлөгөөний агуулгыг 2 улсын жишээн дээр авч үзье. Үүнд:

Нэг. Холбооны Бүгд Найрамдах Герман Улс
Тухайн улсын хорих байгууллагад “НИЙГЭМШҮҮЛЭХ ТӨЛӨВЛӨГӨӨ гарган ажилладаг ба тус төлөвлөгөөнд доорхи мэдээллийг агуулдаг. Үүнд:
1. Нийгэмшүүлэх төлөвлөгөөнд тусгагдах судалгаа, оношилгооны материал, дүгнэлт;
2. Бусад байгууллагатай хамтран ажиллах арга хэмжээний талаар;
3. Сэтгэл зүйн, сэтгэцийн эсвэл нийгэмшүүлэх арга хэмжээнд хамрагдах эсэх талаар;
4. Ганцаарчилсан эсвэл бүлгийн эмчилгээний арга хэмжээнд;
5. Мансууруулах бодисоос гарах арга хэмжээнд;
6. Нийгэм, хамт олны харилцаанд  хэрхэн оролцох талаар;
7. Бүрэн дунд боловсролын мөн мэргэжлийн сургалтанд хамрагдах талаар;
8. Ажил хийх туршлагатай болгох ажил хийх талаар /өөрийн сонирхсон ажил/;
9. Чөлөөт цагийг зөв зохион байгуулж мөн спортоор хичээллэх боломжыг сонгох талаар;
10.Нийгэмшүүлэх арга хэмжээг үр дүнтэй болгох үүднээс гадуур гаргах болон ажил хийлгэх;
11. Хорих ялыг хөнгөрүүлэх болон нэмэгдэл ял оноох талаар;
12. Нээлттэй хорих ангид хуваарилах, байрлуулах;
13. Гаднах нийгмийн үйл ажиллагаатай харилцахыг дэмжих зохион байгуулах ажлын талаар;
14. Өр төлбөрийн талаар зөвлөгөө өгөх, өр төлбөрийг төлөх мөн хүүхдийн тэтгэмжийн асуудлыг шийдвэрлэх талаар;
15. Суллагдахад бэлтгэх талаар;
16. Хорих ял эдлүүлэх мөн нийгэмшүүлэх төлөвлөгөөг үргэлжлүүлэн бүртгэх дуусгавар болох талаарх мэдээллүүд орно[2].

Хоёр: Оросын Холбооны улс
Тус улсын хорих байгууллагад “НИЙГЭМШЛИЙН КАРТ хөтлөн ажилладаг байна.
1.     Хувь хүний тухай мэдээлэл тусгана. /Тухайлбал, төрсөн он сар өдөр, газар, яс үндэс болон харъяалал, боловсрол - хэзээ ямар сургууль төгссөн, эзэмшсэн мэргэжил, мэргэшил, нийгмийн байдал – гэр бүлд нь хэн хэн байдаг, ар гэрийнхэн болон ойр дотны хүмүүсийн оршин суудаг байршил мөн гэр бүлийн харилцаа нь хэр тогтвортой байгаа, ял шийтгэгдэхээс өмнө оршин сууж байсан газар, орон сууцтай байсан эсэх, эрхэлж байсан ажил мэргэжил, материаллаг хангамж, хүрэлцээ, тухайн хоригдол нийгмийн асуудалтай эсэх, түүний шинж чанарыг нийгмийн ажилтан тэмдэглэнэ./
2.     Хоригдлын гэмт хэргийн тодорхойлолт буюу Эрүүгийн хариуцлагад татсаны учир шалтгааныг тусгана.
3.     Хоригдлын онцлог авъяас чадвар, биеийн байдал, зан араншин зэргийг тусгана. /Түүний мэргэжлийн ур чадвар, шашинд хандах хандлага, ар гэр, төрөл төрөгсөд, найз нөхөдтэйгээ ямар холбоотой байдаг, онцгойлон сонирхдог  ямар нэгэн зүйл байдаг эсэх, биеийн тамир спорт сонирхдог эсэх, ариун цэврийн байдал, мөн эмнэлгийн картыг үндэслэн хоригдлын эрүүл мэндийн байдлыг тодорхой хөтлөх ёстой бөгөөд төгсгөлд нь түүнд нийгмийн туслалцаа үзүүлэх шаардлагатай бол тодорхойлсон байх шаардлагатай./
4.    Нийгмийн ажилтан хоригдолтой хамтран түүний ял эдлэх хугацаанд гүйцэтгэх ажлын төлөвлөгөөг боловсруулах хэрэгтэй. /Түүнд ялангуяа байгууллагын зүгээс ямар тусламж дэмжлэг шаардлагатай байгааг тодорхой тусгах хэрэгтэй. Төлөвлөгөөнд хууль ёсны ямар хөнгөлөлт эдэлж болох, ажил хөдөлмөр эрхлэх, биеийн ерөнхий байдал хийгээд эрүүл мэндээ хамгаалах, ариун цэвэр сахих, боловсролын түвшин, мэргэжлийн зэргээ ахиулах, биеэ хөгжүүлэх, хөрөнгө санхүүгийн болон байр орон сууцны асуудлаа шийдвэрлэх зэрэг асуудал багтана./
5.     Сэтгэл зүйн тэмдэглэл хийгдэх бөгөөд байгууллагын сэтгэл зүйн албаны мэргэжилтний ажиглалт дүгнэлтийг тусгана. /Төлөвлөгөөг хэрэгжүүлэх явцад сэтгэл зүйч нэмэлт, өөрчлөлтийг тогтмол тэмдэглэнэ./
6.    Нэмэлт зүйлс буюу арга хэмжээ, дүгнэлт хийгээд ярилцсан зүйлийн үйл явцын тэмдэглэл тусгана.
7.    Сайшаал болон шийтгэлийн талаар тусгана.  дөр сар, үндэслэл, юуны учир, хаанаас, хэнээс гэх мэтчилэн тодруулгатайгаар, мөн байгууллагын дотоод дүрэм журам зөрчсөн эсэх, амиа хорлох оролдлого хийсэн эсэхийг тэмдэглэнэ./
8.    Аттестатчиллын комиссын дүгнэлтийг тусгана. /Тухайн хоригдогч нь ял эдлэх нөхцөл болон дэглэм сольсон, колони-сууринд шилжүүлсэн, хугацаанаас нь өмнө тэнсэн харгалзаж сулласан, өршөөл, хэлтрүүлэг үзүүлсэн зэрэг, мөн аттестатчилал хийгдсэн өдөр сар, төлөвлөгөөт болон төлөвлөгөөнөөс гадуур явагдсан, хуулийн хүрээнд үзүүлбэл зохих нийгмийн ямар дэмжлэг туслалцаа шаардлагатай тухай санал, зохиосон нийгмийн ажлын болон засан хүмүүжүүлэх ажлын үр дүн зэргийг тэмдэглэнэ./
9.    Хоригдлын нийгэмшлийн карттай танилцсан тухай тэмдэглээг хийж сар өдрийг тавин нийгмийн ажилтан болон хоригдол гарын үсэг зурж төлөвлөгөөний биелэлт, санал дүгнэлтийг тусгасан байна.
10.     Төлөвлөгөөний биелэлтийн үр дүнд хоригдлын нийгэмшсэн байдалд үнэлэлт дүгнэлт өгөх.уллагдахаас нь 6 сарын өмнө хийсэн байх ёстой. Тодорхойлолтонд нийгмийн ажилтан гарын үсэг зурж хүмүүжлийн ажил эрхэлсэн дэд дарга баталгаажуулах ба хоригдол танилцаж гарын үсгээ зурна./ [3]
          Хоригдогчийг нийгэмшүүлэх төлөвлөгөөг дээрх улсуудын хорих байгууллагад төдийгүй хөгжиж буй өндөр хөгжилтэй улс орнуудад мөрдлөг болгон ажиллаж, хоригдогчийн нийгэмшүүлэх үйл ажиллагаанд тодорхой ач холбогдол өгч ажиллаж ирсэн юм.
          Хорих байгууллагын түүхэн уламжлалаас авч үзэхэд Шүүхийн шийдвэр биелүүлэх ерөнхий газрын даргын Үндсэн чиглэл батлах тухай 2000 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн А/93 тоот “Хоригдлын дунд явуулах хүмүүжил, сургалтын ажлын үндсэн чиглэл” тушаалын 4.3-т “Хоригдлыг анх ирсэн өдрөөс нь зан байдал, амьдралыг бүрэн судалж, ял эдлүүлэх төлөвлөгөө гарган түүний сэтгэл зүйд эерэг нөлөөлөхөөр нэг бүрчлэн ажиллана”[4] гэж заасан байгаа тухайн үед ялтныг нийгэмшүүлэх нэгдсэн төлөвлөгөөг хэрэгжүүлж ажиллаж ирсэн байна гэж үзэх үндэслэлтэй юм.
          Дээрх түүхэн уламжлалаас авч үзэхэд ялтан өөрийгөө хүмүүжүүлэх, нийгэмшүүлэх үйл ажиллагаанд бие даан төлөвлөгөө гарган ажиллаж түүнийгээ биелүүлэхийн төлөө чармайн ажиллаж үүний үр дүнд шагналын хоног болон ялын хугацаагаа өөрчлөх зэрэг ялтны хүмүүжилд нөлөөлөхүйц үйл ажиллагааг зохион байгуулж ирсэн байна.
          Манай улсын тухайд хорих анги, шийдвэр гүйцэтгэх албанд ажиллаж байгаа нийгмийн ажилтнууд өөрсдийн ажил үүргийн хүрээнд судалгаа, шинжилгээний ажлыг хийж явуулж байгаа хэдий ч түүнийг нийгэмшүүлэх үйл ажиллагаандаа  ашиглаагүйгээс бодит тодорхой үр дүнд хүрэхгүй, ялтны хувьд ач холбогдол өгөхгүй үндсэн үүргээ үл ухамсарлах, бэлэнчлэх сэтгэлгээ өөртөө хөгжүүлж байгаа нь үндсэн шалтгаан болж байгаа юм.
          Өнөөдрийн байдлаар хорих байгууллагад хорих ял эдлэж байгаа ялтан хөдөлмөр  эрхлэн шагналын хоног авч, нэрийн дансандаа хөдөлмөрийн хөлс, цалингаа байршуулан ажиллаж байгаа нь ялтныг нийгэмшүүлж байгаа нэгэн гүүр болж байгаа ч  энэ нь нийт ялтны 20 хүрэхгүй хувийг эзэлж байгаа ч тодорхой хэсгийг хамарсан  л үйл ажиллагаа болж байна. Цаашид хорих анги, шийдвэр гүйцэтгэх албанд хорих ял эдэлж байгаа ялтан нэг бүрийг нийгэмшүүлэх хөтөлбөрт хамруулан ажиллах нь олон улсын чиг хандлагатай уялдаж байгаа төдийгүй өнөөгийн хууль эрх зүйн шинэчлэлтэй бүрэн нийцэх юм.
          Ялтныг нийгэмшүүлэх төлөвлөгөөг хэрэгжүүлснээр нийгэмшүүлэх үйл ажиллагаанд тодорхой эрх, үүрэг, ач холбогдолтойгоор оролцсоноор ялтны хүмүүжил, ялын хугацаанд нөлөөлөх, давтан гэмт хэрэг үйлдэхгүй, нийгэмд суллагдан гараад тогтвор сууршилтай ажиллаж, амьдрах нөхцөл бүрдэх юм.
          Энэхүү нийгэмшүүлэх төлөвлөгөөг хэрэгжүүлснээр амжилтанд хүрэх гол түлхүүр нь:
vЯлтны үүрэг оролцоог тодорхой зааж, ял эдлүүлэх ажиллагаанд зорилго чиглэлтэй оролцох, өөрийн эрх, үүргээ ойлгон үйл ажиллагаандаа мөрдөх, нийгмийн өмнө хүлээсэн хариуцлагаа ухамсарлан, мэдрэх;
vЭрүүгийн ялын зорилго биелэх төдийгүй давтан гэмт хэргийн тоон үзүүлэлт  буурах;
vЯлтныг иж бүрэн судалж судалгаанд тулгуурлан нийгэмшүүлэх үйлчилгээг үр дүнтэй тасралтгүйгээр хүргэх, орчин нөхцөл бүрдэх;
vШоронжих зан төлөвийн онцлогт суралцахаас урьдчилан сэргийлэх, нийгэмд суллагдан гараад бие даан амьдрах зан үйлд төлөвших бүрэн боломжтой.
          Цаашид нийгэмшүүлэх төлөвлөгөөг олон улсын жишиг стандартанд нийцүүлэн мэдээллийг сайтар боловсруулж нийгэмшүүлэх хөтөлбөр, хорих анги, шийдвэр гүйцэтгэх албаны нийгмийн ажилтны ажлын заавар, ажлын байрны тодорхойлолттой уялдуулан нийгмийн ажлыг явуулах юм.
          Монгол улсын хорих байгууллагад ял эдлүүлэх төлөвлөгөөг доорхи байдлаар явуулах нь зүйтэй гэж үзлээ. Үүнд:
A.    Хоригдлыг  нийгэмшүүлэх төлөвлөгөөг зохиохдоо заавал ял эдлэх эхэн үеийн зан байдлын тодорхойлолт, мөн хувийн хэрэг зэргээс авсан мэдээллүүдэд тулгуурлан хоригдол бүрт нийгмийн ажлын төлөвлөгөөг зохион хавсаргаж хоригдлын тухай дэлгэрэнгүй мэдээ баримтыг цагдан хорих төвөөс эхлэн дамжин өнгөрүүлэх анги, хорих ангид тухайн мэдээлэл нь улам баяжигдан явагдах.
B.     Хорих ангийн удирдлага, мэргэжлийн байгууллага, судлаач, мэргэжилтнээс бүрдсэн комисс гарч ажиллах ба  нийгэмшүүлэх төлөвлөгөөний агуулга болон биелэлтийг хагас жил тутамд шалгаж биелэлт гаргахын өмнө хоригдолтой хамтран биелэлтийг дүгнэж шаардлагатай бол нэмэлт өөрчлөлт оруулах ажлыг зохион байгуулах.
C.     Хоригдлын нөхцөл байдлыг үнэлэх, ялын нөхцөл болон дэглэм өөрчлөх, хугацаанаас нь өмнө тэнсэн суллах, өршөөл үзүүлэх болон хуулинд заасан сайшаалын болон шийтгэлийн бусад арга хэмжээг авахдаа дээрх хөтөлбөрийн биелэлтийг заавал харгалзан үзэх шаардлагатай.
D.    Хоригдол өөр тийшээ шилжих болон суллагдахад энэхүү төлөвлөгөөг хувийн хэрэгт нь хавсаргаж цаашид үргэлжлүүлэн хэрэгжүүлэх буюу бусад баримт бичгийн хамт хадгалах ба өөр тийш нь шилжүүлэх нөхцөлд нийгмийн ажилтан шаардлагатай бол сэтгэл зүйчтэй хамтран хоригдлын онцлог болон түүнийг нийгэмшүүлэхэд чиглэсэн энэхүү хөтөлбөрийг хэрхэн хэрэгжүүлэх талаарх саналын хамт тэмдэглэн хувийн хэргийн хамт илгээх шаардлагатай.
E. Хорих анги, шийдвэр гүйцэтгэх албаны нийгмийн ажилтан нь нийгэмшүүлэх хөтөлбөрт заавал үнэлгээ өгнө. Үнэлгээ нь хоригдлуудын дунд биеэ хэрхэн авч явдаг, албан хаагчид болон бусад хоригдолтой ямар харьцаатай, чөлөөт цагаа хэрхэн өнгөрөөдөг, хүмүүжлийн ажилд хэрхэн оролцдог, эмх цэгц, ариун цэвэр хэрхэн сахидаг, дэг журам, сургалт,  хүмүүжлийн ажилд хэрхэн ханддаг, улмаар амьдралынх нь цаашдын төлөвлөгөө юу болох, хэрэгжих магадлал зэргийг тусгасан байна. Энд мөн хоригдолтой явуулсан нийгмийн ажлын агуулгыг тусгаж түүнийг үндэслэн тухайн хоригдол эрх чөлөөт амьдралд бэлэн эсэхийг тодорхойлох зэрэг мэдээллүүдийг заавал багтаах шаардлагатай байна.
Text Box: ТУРШЛАГА КЕЙС
Олон улсын туршлагаас үзэхэд хоригдлыг ирснээс хойш 6-21 долоо хоногийн дотор аль хорих анги уруу шилжүүлэх тухай комиссын хурал болдог. Хоригдолтой хэзээ уулзахаа комиссын гишүүд хэлэх ба хурлын үйл ажиллагаанд хоригдлыг оруулан хаана сурч болох, ямар эмчилгээ хийлгэж болох, аль хорих анги уруу шилжүүлэх, тухайн хорих ангид нь ямар сургалт байгаа  талаар танилцуулдаг. Хоригдол комиссын шийдвэрийг зөвшөөрөхгүй бол шүүхэд гомдол гаргаж болох.
Нийт хоригдогсдын 4/1-ийг шууд нээлттэй хорих анги уруу итгэлцлийн үндсэн дээр, үлдсэн 3 хувийг хаалттай буюу чанга дэглэмтэй хорих анги уруу хуваарилдаг байна. 
Дамжин өнгөрүүлэх анги нь Хууль зүйн яам болон бусад байгууллагаас хараат бусаар хоригдлыг ямар хорих анги уруу хуваарилахаа шийдэж, дүрэм журмын дагуу зохион байгуулдаг.  Харин цөөн тохиолдолд Хууль зүйн яамнаас онц аюултай гэмт хэрэгтэнг аль хорих ангид шилжүүлж болох талаар санал оруулах явдал байдаг энэ нь  жилдээ 2-3 удаа л гардаг байх жишээтэй байна.
Санал
Түүхэн уламжлалаас авч үзэхэд ял эдлэгсдийг нийгэмшүүлэх төлөвлөгөөг хэрэгжүүлж байсан төдийгүй цаашид ч хорих байгууллагын нийгмийн ажилд хэрэгжүүлэх бүрэн боломжтой гэж үзэж байна.
Олон улсын туршлага стандартаас авч үзэхэд хийгдэж байгаа өгөгдөлүүд болон мэдээллүүдийг боловсруулах, нийгэмшүүлэх ажилд ашиглах нь хорих анги, шийдвэр гүйцэтгэх албаны нийгэм, сэтгэл зүйн албан дээр хийгдэж байгаа ба гагцхүү зохион байгуулалт, эрх зүйн орчинг бүрдүүлэх асуудалд анхаарч ажиллах зүйтэй.
Дээрх ялтныг нийгэмшүүлэх төлөвлөгөө нь ХБНГУ, ОХУ, Швейцарь зэрэг улсуудын хорих байгууллага төдийгүй бусад хөгжилтэй улс орнууд үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажиллаж ирсэн туршлага зохион байгуулалтын ажлыг өөрийн орны онцлог, уламжлалтай холбогдуулан авч үзэх хэрэгтэй байна.
Нийгэмшүүлэх төлөвлөгөөн дээр ажиллах арга зүй, бичиг баримтыг боловсруулах ажлыг мэргэжлийн байгууллагатай хамтран гүйцэтгэж, баталгаажуулан төлөвлөгөө дээр ажиллах хорих анги, шийдвэр гүйцэтгэх албаны эрх бүхий удирдах ажилтан, нийгмийн ажилтан, сэтгэл зүйч нарыг мэргэшүүлэх ажлыг зохион байгуулах.
Дамжин өнгөрүүлэх ангид ажиллах мэргэжлийн зөвлөлийг байгуулан ялтныг нийгэмшүүлэх үйл ажиллагаанд оролцох байгууллага, албан хаагчдын мэргэжлийн төлөөллийг сонгон баталгаажуулан, судалгаа шинжилгээний клиник төвийг байгуулах.
Нийгэмшүүлэх төлөвлөгөөний нэгдсэн загварыг боловсруулан мэргэжлийн байгууллага, эрдэмтэн судлаачдаас санал авч шинжлэх ухааны үндэслэл бүхий төлөвлөгөөг ялтны онцлог, хэргийн өнгө төрх, дэглэмийг харгалзан боловсруулан, баталгаажуулах зэрэг ажлуудыг хийх шаардлагатай байгааг судлаачын зүгээс тодорхойлон дээрх саналыг дэвшүүлж байна.





[1] ШШГЕГ-ын Тогтоол гүйцэтгэх газрын 2013 оны жилийн тайлангаас
[2] О.Пүрэвсүрэн.  Герман улсын хорих ял эдлүүлэх ажиллагаа УБ, 2014 он
[3] Холбооны Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Алба Эрх зүй, Удирдлагын Академи Хорих байгууллагын нийгмийн ажил, Сургалтын гарын авлага УБ, 2009 он

[4]Д. Даваа-Очир. Хорих ангийн ахуй дэглэмийн байцаагчын гарын авлага. УБ, 2001 он

No comments:

Post a Comment